Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 17-нд боллоо. Хуралд саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчид 90.81 хувийн ирцтэйгээр оролцон дараах асуудлуудыг танилцуулж, хэлэлцэв.
Хурлаар танилцуулж, хэлэлцсэн асуудал:
- Голомт банк ХК-ийн 2024 оны жилийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан танилцуулга;
- 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт;
- 2024 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн – Хөндлөнгийн аудитын дүгнэлт;
- 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг танилцуулах;
- 2024 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2025 оны цалингийн төсөв;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
- Банкны зарласан энгийн хувьцааны тоо ширхгийг нэмэгдүүлэх, нэмж гаргах энгийн хувьцаанаас тэргүүн ээлжид худалдан авах эрхийн тухай;
- Голомт банкны дүрмийг өөрчлөн батлах тухай;
- Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тухай;
Хөндлөнгийн аудитын дүгнэлт
Голомт банк ХК-ийн 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайланд Кэй Пи Эм Жи Аудит ХХК хөндлөнгийн аудит хийсэн. Хараат бус аудиторын 2025 оны 3-р сарын 28-ны тайланд, “Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн байдал, тухайн өдрөөр дуусгавар болсон тайлант жилийн санхүүгийн гүйцэтгэл болон мөнгөн гүйлгээг СТОУС Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартуудын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн байна” гэж дүгнэжээ.
Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол
Голомт банкны 2024 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00/01 тоот тогтоол батлагдаж, нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирсний үндсэн дээр 2025 оны 04 сард багтаан хууль журмын дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох бөгөөд одоогоор Монголбанкны зөвшөөрлийг хүлээж байна.
Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон зайнаас хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, хуралдаанд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах шийдвэрийг гаргалаа.
Хурлын шийдвэр:
- Голомт банк ХК-ийн 2024 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлав.
- Голомт банкны ТУЗ-ийн 2025 оны цалингийн төсвийг хуралд танилцуулсан төсвийн дагуу батлав.
- Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дор дурдсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2028 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл гурван жилийн хугацаатай сонгохоор шийдвэрлэв.
Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр:
- Чүлтэмийн Мөнхцэцэг;
- Жигжидийн Үнэнбат;
- Дагвын Мөнхтөр;
- Очирпүрэвийн Ганжолоо.
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр:
- Жэймс Б. Дваер;
- Александр Пикер;
- Роберт В. Ван Свитен;
- Ханс Холзхакер;
- Ронил Сүжан нарыг сонгов.
- Компанийн зарласан хувьцааг 1,150,000,000 (нэр тэрбум нэг зуун тавин сая) ширхэг болгон нэмэгдүүлэхээр болов. Мөн гаргасан энгийн хувьцааны 12 (арван хоёр) хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний энгийн хувьцааг нэмж гаргах тохиолдолд нийт хувьцаа эзэмшигчдийн тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэв.
- “Голомт Инвестмент Лимитэд” компанийг татан буулгах үйл ажиллагаатай холбоотойгоор тус компанийн эзэмшиж буй 20,800,000 (хорин сая найман зуун мянган) ширхэг хувьцааг цорын ганц хувьцаа эзэмшигч болох “Бодь интернэшнл” ХХК-д шилжүүлэн, хувьцаа эзэмшигч “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээг 48,461,497 (дөчин найман сая дөрвөн зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун ерэн долоо) ширхэг болгож өөрчлөхөөр болов.
- Голомт банк” ХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг “Банк нь 250 (хоёр зуун тавь) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,150,000,000 (нэг тэрбум нэг зуун тавин сая) ширхэг энгийн зарласан хувьцаатай байна” болгон өөрчиллөө.
Голомт банканд итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа
Банкны тухай нэмэлт мэдээллийг дараах сувгуудаар авах боломжтой.