Голомт банк Азийн хөгжлийн банкны “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа шинэчлэн байгууллаа. Стратегийн хувьд чухал ач холбогдолтой тус хөтөлбөр нь Монголын бизнес эрхлэгчдийг гадаад худалдаа болон нийлүүлэлтийн сүлжээнд оролцох боломжийг нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг дэмжиж, олон улсын худалдаанд оролцох гүүр болдгоороо онцлогтой.
АХБ-ны “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөр” нь гадаад худалдааны зээл, баталгаа, бусад мэргэжлийн сургалт хөтөлбөрүүдээр дамжуулан Тогтвортой санхүүжилтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжин ажилладаг. 2009 оноос эхлэн хөтөлбөрийн хүрээнд нийт 57 тэрбум ам.доллартой тэнцэх 45,510 төсөлд санхүүжилт олгосны 60 гаруй хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлж байна.
Голомт банкны хувьд АХБ-тай хамтран тус хөтөлбөрийг 2010-2014 онуудад хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд ийнхүү хамтын ажиллагаагаа дахин сэргээж буй нь банкны худалдааны санхүүжилт болон тогтвортой санхүүжилтийн бизнесийн туршлагад чиглэсэн бодлогыг үнэлж буйн илрэл юм. Энэ удаагийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн стандартад нийцсэн худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, найдвартай санхүүгийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгон ажиллаж байна.
Азийн хөгжлийн банкны тухай
АХБ нь 1966 онд байгуулагдсан. Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээрээ дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хувьд эдийн засгийг дэмжих, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, чухал дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, уур амьсгал, эдийн засгийн уян хатан байдлыг хангахад чиглэдэг.
Голомт банкны тухай
Голомт банк нийт активын хэмжээгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж, нийт хадгаламжийн зах зээлийн 20 хувь, нийт зээлийн 18 хувийг бүрдүүлдэг. 2023 оны байдлаар нийт гадаад баталгаа болон аккредитивын зах зээлд эзлэх хэмжээгээр 68.5 хувийг дангаар бүрдүүлсэн бөгөөд дэлхийн томоохон хөгжлийн санхүүгийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк /АХБ/, Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/ зэрэг дэлхийн 250 гаруй түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сайн сайхныг санхүүжүүлнэ