Голомт банк ХК Америкийн нэгдсэн улсын тэргүүлэгч The Bank New York Mellon (BNY) банканд ам.долларын корреспондент харилцааг тогтоож, харилцагчдынхаа олон улс руу хийгдэх ам.долларын гүйлгээг илүү түргэн шуурхай, бага зардлаар хийгдэх нөхцөлийг бүрдүүллээ.
Тус үйл явдлыг тохиолдуулан Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар энэхүү хамтын ажиллагааг дэмжин ажилласан BNY банкны хамт олонд талархаж буйгаа илэрхийлэн “Дэлхийд тэргүүлэгч АНУ-ын санхүүгийн байгууллагатай тогтоож буй корреспондент банкны харилцаа нь цаашид ам.долларын зах зээлд Монгол Улсын эдийн засгийг холбож ажиллах дэд бүтцийг илүү төгөлдөржүүлээд зогсохгүй дэлхийн санхүүгийн зах зээлд Монголын банкны салбар дараагийн түвшинд хүрснийг илтгэх томоохон үнэ цэнийг бий болгож буй юм. Энэхүү үйл явдал нь Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 300 сая ам.долларын бондын түүхэн үйл явдалд баяр нэмж, банкны алсын хараа болох “Дэлхийн жишиг Монголын банк”-д хүрч ажиллаж буйг харуулж байна. Мэдээж эдгээр ололт амжилт нь эрхэм харилцагч, хамтрагч түншүүдийн үнэлж баршгүй их итгэлцэл болон дэмжлэг бөгөөд цаашдын амжилтын эхлэл юм.” хэмээв.
2023 оны хувьд Голомт банк Монгол Улсаас гадаад руу илгээсэн нийт ам.долларын гүйлгээний гуравны нэгийг дангаараа хийж гүйцэтгэсэн бөгөөд Ази, Ойрх дорнод, Европ, Их Британи зэрэг 29 олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран 15 валютын төрлөөр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж дэлхийн жишигтэй нийцэхүйц харилцагчийн туршлагыг бий болгон ажиллаж байна.
BNY банкны тухай
BNY нь 240 жилийн турш харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг үзүүлэн тэдний хүсэл зорилгод нийцүүлэх харилцагчийн туршлагыг хүргэсээр ирсэн тэргүүлэх санхүүгийн байгууллага юм. BNY нь Fortune 100-д багтсан компаниудын 90 гаруй хувь, дэлхийн шилдэг 100 гаруй банканд хүрч үйлчилдэг ба засгийн газруудаас хэрэгжүүлж буй төслийн санхүүжүүлэлтийг дэмжин ажилладаг онцлогтой. 2024 оны 3-р сарын 31-ний байдлаар BNY нь 48.8 их наяд долларын хяналтад байгаа хөрөнгө болон 2.0 их наяд долларын захиран зарцуулах эрхтэй хөрөнгийг тус тус тайлагнажээ.
BNY бол The Bank of New York Mellon корпорацийн (NYSE: BK) корпорэйт брэнд юм. Тус байгууллага нь Нью-Йорк хотод төвтэй, дэлхийн хэмжээнд 50,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж буй Fortune сэтгүүлээс тодруулсан “Дэлхийд хамгийн их хүндлэгдэж, сайшаагдсан компани” болон “Шинийг санаачлагчдад зориулсан шилдэг ажлын байраар хангагч” хэмээх өргөмжлөлийг тус тус хүртсэн билээ. Та илүү их мэдээллийг www.bny.com хуудсаар зочлон авах боломжтой.
Дэлхийн жишиг Монголын банк