Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайбилэг нар оролцлоо.
Төслийг дэмжин хамтран ажиллахаар нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар Голомт банктай санамж бичиг байгуулсан юм. Ингэснээр Голомт банк “Улаанбаатар инновацын төв”-д Дата сикюрити, Дата анализын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иж бүрэн сервер, компьютерийн лаборатори байгуулж байгаа бөгөөд уг лабораторит цаг үеийн сургалтууд, дэлхийн шинэ технологийн нээлтүүдийн талаар сургалт, дадлагыг хийх болсноороо ихээхэн ач холбогдолтой юм.
10,000 программист төсөл хэрэгжсэнээр:
- Мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.
- Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, Олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.
- Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм.