Голомт банк бизнесүүд, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хүргэж, үүнд чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ хүрээнд Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд технологи, дижиталчлалын хувьсал хийх, дижитал системийн хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх боломжийг хамтдаа эрэлхийлэх зорилготой “Digital SME-2023” арга хэмжээг Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв болон Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид уригдан оролцлоо. Арга хэмжээний үеэр зохион байгуулагчдын зүгээс ирсэн зочдод жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт чиглэсэн судалгаа, мэдээллийг өгч, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэхэд нь туслах дижитал шийдлүүдийг танилцуулсан юм. Мөн НБИХГ-ын дарга Б.Бат-Өлзий, Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал О.Батцэнгэл, Panel.mn платформын Гүйцэтгэх захирал н.Гантулга, Котра Улаанбаатар БХХ-ийн мэргэжилтэн Г.Галбадрах нар панелистаар уригдан “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт дижитал систем хөгжүүлэх боломж, шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Арга хэмжээний зургийг баруун тийш гүйлгэж үзнэ үү.
“Digital SME-2023” арга хэмжээ нь оролцогчдод харилцан мэдээлэл, туршлагаа солилцох боломжийг олгож, жижиг, дунд бизнесийн салбарыг хөгжүүлэх оновчтой шийдэл, боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Мөн энэ үеэр Голомт банк, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар нь гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд аж ахуй эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах том төслийн эхлэлийг амжилттай тавилаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд цаашид Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууддаа зориулсан олон арга хэмжээг хэрэгжүүлж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тэдэнд хүргэхээр төлөвлөөд байна.