Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4-р сарын 26-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид 90.03% ирцтэй оролцож, дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд:
Шийдвэрүүд
1. Голомт Банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай
Голомт банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлав.
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны цалингийн төсөв батлах тухай
“Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны цалингийн төсвийг хуралд танилцуулсан төслийн дагуу батлав.
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай
Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дор дурдсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2025 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл сонгосугай.
3.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр:
- Чүлтэм овогтой Мөнхцэцэг;
- Жигжид овогтой Үнэнбат;
- Шварценбах овогтой Урс Э.;
- Дагва овогтой Мөнхтөр;
- Очирпүрэв овогтой Ганжолоо;
3.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр:
- Абэлло овогтой Антонио Л.;
- Дваер овогтой Жэймс Б.;
- Пикер овогтой Александр;
- В.Ван Звитен овогтой Роберт;
4. ХЭХ болон ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын тухай
“Голомт банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны журмыг хуралд танилцуулсан Шийдвэрийн хавсралт №1, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг хавсралт №2-ын дагуу тус тус батлав.