Та өөрийн ашигладаг компьютер, гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийнхээ техник болон программ хангамжийн горимтой танилцаж, бусдад зөвшөөрөлгүй ашиглуулахаас сэргийлж хурууны хээ, нууцлал сайтай нууц үг, царай таних функцүүдийг ашиглан аюулгүй байдлаа хамгаалж хэвшсэнээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Ухаалаг утсан дээрээ тохируулж болох зөвлөмжүүдийг хүргэе.
- Утасны үйлдлийн систем болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулган тогтмол сайжруулалт хийн ашиглах.
- Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх.
- Аливаа аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, тухайн аппликэйшнийг суулгаснаар хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаарах.
- Вирусийн эсрэг программ суулган ашиглах, үүнийгээ тогтмол шинэчлэх.
- Гар утсаа JAILBREAK эсвэл ROOT хийснээр аюулгүй байдал, хамгаалалт алдагдах тул татгалзах.
- Шаардлагагүй үед Bluetooth тохиргоог унтраах. Bluetooth асаалттай байснаар бусад хүмүүс таны гар утас эсвэл бусад ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдийг зайнаас удирдах боломжтой болдог.
Та хурууны хээ царай таних горим нь аюулгүй байдлыг хамгаалахаас гадна түгээмэл хэрэглэдэг аппликэйшндээ хялбар, аюулгүй нэвтэрч болдгийг мэдэх үү?
Царай таних горим:
- Smart device нь нүүрний хэв шинжийг математик загварчлал болгон хувиргаж ашигладаг.
- Таныг маск зүүсэн эсэхээс үл хамааран бусад хүний царайтай давхцах магадлал саяд нэг байдаг.
- Таны нүдний хүүхэн харааны төвлөрлийг шалгах баталгаажуулалт хийгддэг тул унтаж байхад ухаалаг төхөөрөмжийг тань ашиглах боломж бараг байдаггүй.
Хурууны хээ:
- Таны хурууны хээ нь 64 триллионд нэг л давхардах магадлалтай.
- Орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд бараг 99%-тай хурууны хээг бүрэн таньдаг бөгөөд аюулгүй байдлыг сайжруулж хэрэглээг хялбаршуулж байна.
Давхар баталгаажуулалт буюу 2FA /Two-factor authentication/
Давхар баталгаажуулалт гэдэг нь интернэт банк, сошиал хаяг, хувийн имэйл зэрэг түгээмэл ашигладаг аппликэйшнд нэвтрэхдээ нэвтрэх нууц үгээс гадна давхар баталгаажуулах код оруулах аюулгүй байдлын нэмэлт тохиргоо юм.
Таны нууц үг хэдий найдвартай санд хадгалагдаж байж болох ч хэн нэгэн таны мэдээлэлд хандах боломжийг хязгаарлахын тулд нэмэлт баталгаажуулалт буюу Two-factor authentication-ыг ашиглах нь Social engineering, Bruteforce халдлагуудаас хамгаалж, сул эсвэл хулгайлагдсан нууц үгийг ашиглаж буй халдагчдаас нэвтрэх эрхийг тань хамгаалах юм.
Жишээ нь, та Facebook хаягийнхаа нууц үгийг хэн нэгэнд алдсан гэж төсөөлье. Тухайн этгээд таны хаяг руу нэвтрэх үед токен буюу санамсаргүйгээр үүсгэгдсэн тоонуудыг асуух болно. Ийнхүү уг токенгүйгээр таны хаяг руу нэвтрэх боломжгүй болж байгаа юм. Та бүхнийг давхар танин баталгаажуулалтын нэг хэлбэр болох 2FA-г өөрсдийн аккаунтдаа (цахим банкны аппликэйшн, Facebook, Twitter, Instagram, Google, LinkedIn, Dropbox гэх мэт) болон аппликэйшндээ яг одоо идэвхжүүлээрэй!
Өөр төхөөрөмжөөс аккаунт руугаа хандах бүрд байнга токен оруулах нь төвөгтэй санагдаж болох ч таны мэдээлэл аюулгүй байх нь юу юунаас илүү чухал билээ. Хэдий чинээ хамгаалалт сайн байна, төдий чинээ таны мэдээлэлд зөвшөөрөлгүй хандахад хэцүү болно.