Цахим орчинд та биднийг аюул, эрсдэл үргэлж дагаж байдаг. Цахим орчинд өөрийн ертөнцийг бий болгоход урт хугацаа зарцуулах боловч түүнийг үгүй болгоход хэдхэн минутын цахим осол хангалттай.
Цахим орчинд өөрийгөө хамгаалах нь яагаад чухал вэ?
- Цахим орчин өдрөөс өдөрт зах хязгааргүй хөгжин тэлж байна.
- Хувийн мэдээллүүдээ цахим орчинд хуваалцдаг болсон
- Хакинг хийх арга, хэрэгслүүд нэмэгдэж, улам боловсронгуй болж байна.
- Хакерууд улам илүү ухаалаг болж, зогсолтгүй ажиллаж байна.
Цахим орчинд үлдээсэн таны сэтгэгдэл
Цахим орчинд таны үлдээсэн сэтгэгдлийг хуулбарлах, цааш бусдад түгээх эрсдэлтэйг анхаарч, хувийн мэдээллээ үлдээхгүй байж мэдээллийн аюулгүй байдлаа хангаарай.
Интернэт болон цахим орчинд үйлддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монгол Улсад ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
- Гар утас, таблет болон компьютер гэх мэт хувийн төхөөрөмжиндөө нууц үг тохируулан ашиглах;
- Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй, үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх. Ингэснээр та Wi-Fi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс өөрийгөө хамгаална./
- Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад дамжуулан ашиглуулахгүй байх;
- Сошиал орчинд сэжигтэй линк, холбоос болон сонжоо зэрэгт хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
- Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх, хэрэв хандсан бол заавал Log out/Sign out үйлдэл хийн гарах;
- Өөрийн төхөөрөмжинд нууцлал, аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх. Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж гэх мэт.
Мессежээр ирсэн кодыг бусдад бүү өг.
Утасны дугаар, и-мэйл хаягаар таныг цахим орчинд танин баталгаажуулах ба эдгээр мэдээллээ сольсон тохиолдолд нэн яаралтай өөрийн харилцдаг банканд мэдэгдэн, бүртгэл мэдээллээ шинэчлүүлнэ үү. Та и-мэйл сошиал хаягуудынхаа нууц үг болон цахим банкны мэдээллээ сэргээх, шинэчлэх үед баталгаажуулах код нь таны бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягт ирдэг гэдгийг битгий мартаарай! Мессэжээр ирсэн кодыг бусдад дамжуулснаар та өөрийн мэдээллийг алдах эрсдэлтэйг үргэлж санах хэрэгтэй.
Судалгаа болон сугалаагаар дамжуулан мэдээлэл цуглуулах
Өөрийн болон бусдын хувийн мэдээллийг цахим орчинд дамжуулахдаа эх сурвалжийг сайтар нягталж, баталгаажуулсны дараа илгээнэ үү.