Эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан.
Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих зээл”, Ипотекийн зээл болон Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг харилцагчдад хүртээмжтэй хүргэхэд Голомт банкны зүгээс дэмжин, хамтран ажиллаж байна. Тухайлбал, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүсэлтийг Голомт банк бүх салбар нэгжүүдээрээ дамжуулан хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.
Уг зээл нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд хувь хүнд 50 сая төгрөг хүртэл, аж ахуйн нэгж байгууллагуудад 500 сая төгрөг хүртэл, 3 жилийн хугацаатай, 3%-ийн хүүтэй, эхний 1 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх зэрэг нөхцөлтэйгээр олгогдох юм.
Ажлын байрыг дэмжих зээл нь Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг зогсолтод орохоос сэргийлэх, дэмжих зорилготой бөгөөд энэхүү зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 42 мянган ажлын байрыг хадгалаад байна.
Голомт банкны зүгээс зээл хүсэгчдээс ирүүлсэн шаардлагатай материал бүрэн тохиолдолд тухайн зээлийн хүсэлтийг тухай бүрт нь, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иймд харилцагч та олон банканд зэрэг хүсэлт өгөх, зээлийн нөхцөлд дахин өөрчлөлт оруулах, зориулалтын бусаар буюу хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр ашиглахаар хүсэлт гаргах, эргэлтийн хөрөнгийн боломжоосоо их хэмжээний зээл хүсэх зэрэг нь татгалзсан хариу авах шалтгаан болж буйг анхаарна уу.
Жижиг дунд бизнесийг дэмжигч Голомт банк.
Сайн сайхныг санхүүжүүлнэ.